"Буддын шашинтнуудын харуусал" - Террористууд дэлхийн эртний нэгэн гайхамшгийг үгүй хийсэн нь...

Бамианы хөшөө бол Афганистаны төв муж Хазаражат дахь Бамиан хөндийд орших хадан цохиог ухаж, суумал дүртэй хоёр Буддаг дүрсэлсэн соёлын үнэт өв байсан юм. Энэ хөндий нь VI зууны үед буддын шашинт, эртний Гандхарын хаант улсын нутагт хамаардаг байжээ. Өндрөөрөө 37 болон 55 метр хүрэх Бурхан багшийн хоёр чулуун хөшөө нь тухайн нутаг дахь хийдүүдийн салшгүй хэсэг байв. Хэдийгээр хоёр хөшөө 1500 гаруй жилийн түүхтэй байсан ч 2001 онд Исламын Талибан бүлгийнхэн энэхүү дурсгалыг устгасан юм. 

"Буддын шашинтнуудын харуусал" - Террористууд дэлхийн эртний нэгэн гайхамшгийг үгүй хийсэн нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бамианы хөндий нь эрт дээр үеэс алдартай байсан юм. Энд томоохон хотууд оршин тогтнохоос гадна тус хөндийгөөр торгоны зам дайрч өнгөрдөг байсан учраас Перс, Бактриа, Хятад, Энэтхэгийг холбосон томоохон төв байжээ. Тиймээс Бамианы хөндий аажмаар бүс нутгийн соёл, эдийн засгийн төв болсон юм. Харин МЭ I зууны төгсгөл үеэс эрх баригчдын идэвхтэй дэмжлэгээр Буддын шашны төв болон хувирч, сүм дуган, хөшөө зэргийг олноор нь бүтээсэн байна. Магадгүй яг энэ үед хадны нүхэнд Буддагийн хоёр том хөшөөг бүтээх ажлыг эхлүүлсэн ч байж болох юм. Ийнхүү 55 метрийн өндөртэй Вайрочану буюу Гэрэлт Буддагийн хөшөө, 36.5 метр өндөр Будда Шакьяамунигийн хөшөө боссон түүхтэй. 

Хөшөөг шууд хадны суурин дээр цохиж дууссаны дараа тэдгээрийг гипс, шавар зэрэг олон давхаргаар хучжээ. Зарим хэсгүүдийг модоор хүртэл хийсэн байдаг аж. Жишээлбэл, хөшөөнүүдийн толгойг мод, шавраар бүтээснээс болж их биеэсээ түрүүлж нурж унасан гэж үздэг.

Тус хөшөөг хэзээ бүтээснийг тодорхойлох тал дээр мэргэжилтнүүдийн дунд ширүүн маргаан үүсдэг. Зарим хүмүүсийн үзэж буйгаар МЭӨ II зуунд Маурийн эзэнт гүрний хаан Агуу Ашокагийн тушаалаар хөшөөг барьж эхэлсэн гэнэ. 

Харин зарим нь хөшөөг илүү эртний бүтээл гэж үздэг төдийгүй, Буддаг дүрсэлсэн эсэхэд ч эргэлзээтэй гэж бичсэн байдаг. Жишээлбэл, Оросын эзэнт гүрний үеийн нэвтэрхий толь бичигт ингэж бичжээ:

"... Бамианы хөндий Буддын шашны гол газар байсан болох нь өнөөг хүртэл оршин байгаа аварга том хөшөөнүүдийн тусламжтайгаар нотлогдсон юм. Хаданд сийлсэн хөшөөнүүдийн тухай анхны тэмдэглэлийг IV, V зуунд Хятадаас Энэтхэг рүү аялж байсан Буддын шашны лам нар хийсэн байв. Занг-Кал нэртэй хөшөө нь 52 м өндөр, Шах-Муна хөшөө нь 37 м бөгөөд хоёулан дээр нь даавуу нөмөргөсөн байна. Эрэгтэй хүнийг дүрсэлсэн хөшөө нь бүтнээрээ бол эмэгтэйн нүүр нь бутарч унасан.

Хоёр хөшөөг хоёуланг нь сийлж бүтээжээ. Хөшөөнүүдийн дотор хэсэгт суурилуулсан мушгирсан шатаар толгой хүртэл нь дээш өгсөх боломжтой. Хожим нь энд Исламын шашинт хот байгуулагдсан ч 1221 онд Чингис хаан хотыг сүйрүүлсэн байна." (Brockhaus and Efron нэвтэрхий толь бичиг. - S.-Pb.: Brockhaus-Efron. 1890-1907)

Гэвч эцсийн тайлбарыг таамаглахад хэцүү байсаар өнөөг хүрчээ. Үүнээс гадна, хөшөөг будсан нь зарим аялагч, мөргөлчдөд хөшөөг хүрлээр цутгасан гэсэн буруу ойлголтыг төрүүлсэн юм. Будгийг тогтмол шинэчилдэг байснаар зогсохгүй, хөшөөний үндсэн өнгийг хүртэл өөрчилж байсан бололтой.

Харин орчин цагийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар хөшөөнүүдийг угтаа ийм өнгөтэй байсан гэж үзэх болжээ.

Манай эриний VII зуунд Хятадын даяанч Тансан лам Бамианы хөшөөнд зочилсон байна. Тэрбээр өөрийн тэмдэглэлдээ Бамианы хөндийг арваад сүм хийдтэй, хэдэн мянган лам хуварга амьдардаг, цэцэглэн хөгжиж буй Буддын шашны цогцолбор гэж бичсэн байв. Мөн хөшөө, баримлыг алтан будаг, үнэт чулуугаар бүрсэн байсныг онцолсон аж.

Удалгүй шинэ Исламын шашин аажмаар орчин үеийн Афганистаны нутгаас буддын шашныг зайлуулж эхлэв. Гэсэн хэдий ч Бамианы хөндий тийм ч их өөрчлөгдөөгүй.

Исламын байр суурь улам бүр бэхжиж байсан ч хөшөөнүүдэд гар хүрэлгүй уджээ. IX эцэс X зууны эхэн үед энэ бүс нутаг Исламын шашинтнуудын бүрэн хяналтанд шилжсэн байна. 870-аад оны үед Персийн Саффарын хаант улсыг үндэслэгч Якуб ибн Лейс тус хөндийг байлдан дагуулснаар Буддын шашны олон хийд, бунхан сүйдсэн аж. Тэр үеэс хойш хөшөө дурсгалуудыг орхигдсон гэж үздэг.

Бамианы хөндий мянган жилийн хугацаанд хэд хэдэн удаа дайны нүүр үзсэн ч хөшөөнүүд аюулгүй үлдэж чадсан юм. Чингис хаан, Доголон Төмрийн цэргүүд ч тус нутгийг эзлэх үедээ хөшөөнд огт гар хүрээгүй.

Бамианы хөшөөг устгах анхны ноцтой оролдлогыг Мугалын эзэн хаан Аурангзеб хийсэн бөгөөд цэргүүддээ хөшөөг их буугаар буудах тушаал өгсөн байна. Гэвч чулуун хөшөө "амьд" үлджээ. Мөн Персийн Шах Надир Шах Афшар, Афганистаны Эмир Абдур-Рахман нар мөн Буддаг сүйдлэх гэж үзсэн удаатай. Тэд их хэмжээний хохирол учруулсан боловч их бууны хүч нь чулуун үлэмж биетийг бүрэн устгаж чадаагүй.

Эцэст нь Талибаны террорист бүлэглэлийн удирдлага эртний хөшөө дурсгалуудыг устгах санааг сэргээв. Ийм хөшөө байдаг тухай тэд анх 1997 онд мэдсэн боловч хөшөөнүүдийг устгах эцсийн шийдвэрийг 2001 оны эхээр гаргасан байна. Олон улсын байгууллагууд, дипломат ажилтнууд, зарим орны удирдагч, тэр дундаа Исламын шашинт орнууд Талибаны энэ шийдвэрийг болиулахыг оролдсон ч 2001 оны 3-р сарын 13-нд Бамианы хөшөөг хоёуланг нь устгасан болохыг албан ёсоор зарлажээ.

Террористууд сүйтгэх ажиллагаандаа бараг хоёр долоо хоног зарцуулсан байна. Нэгдүгээрт, хөшөөнүүдийг гранат харвагч, MANPADS, пулемётоор бууджээ. Гэсэн хэдий ч энэ нь хангалттай байгаагүй тул хөшөөнүүдийг танк эсэргүүцэх мина ашиглан дэлбэлж, санасандаа хүрсэн аж.

Бамианы Буддагийн баримлуудыг ЮНЕСКО-ийн ивээл дор сэргээн засварлахаар төлөвлөж, ихэнх хэлтэрхийг нь цуглуулжээ. Гэвч сэргээн босголтын ажилд шаардагдах хөрөнгийн хомсдлоос үүдэж, энэ санаа хэрэгжиж чадалгүй зогссон байна.

Ийнхүү эртний үеийн хамгийн том хөшөө болох Бамианы хөшөөний түүх харамсалтайгаар дуусжээ. Эдгээр соёлын өвийг дундад зууны балмад үед биш, харин хожмын 21-р зуунд устгасан юм.

Мэдлэггүй мунхаг байдал, мухар сүсэг гээч нь зөвхөн нэг улсад хамаарах түүхийг төдийгүй, нийт хүн төрөлхтний  хөгжил дэвшил, соёл иргэншлийг ч үгүй хийх аюултай гэдгийг энэ явдал тод томруунаар харуулж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()